Menu

Түгээмэл асуулт хариулт

э1.    Цахилгааны тоолуурт маргаан гарвал ямар арга хэмжээ авах вэ?
    Иргэн таны цахилгааны тоолуурт гарсан маргааныг Дархан-Уул аймгийн МХГ-ын хэмжилзүйн улсын байцаагч, СХЗХ-ийн хэмжилзүйн албаны дарга болон цахилгааны хэмжлийн Улсын шалгагч, ДСЦТС ХК-ийн ХТЛ-ийн шалгалт тохируулгын ажилтан байлцаж магадлан баталгаажуулалтыг хийж Хэмжилзүйн байцаагч дүгнэлт гаргана.
2.    Баталгаажуулалт, шалгалт тохируулгын төлбөрийн хэмжээг хэн тогтоодог вэ?
   Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулгын төлбөрийг “Хэмжил зүйн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаар тушаалын дагуу авч байгаа.
3.    Дулааны тоолуурыг танай СХЗХ-т шалгаж баталгаажуулах уу?
    ААН байгууллага, иргэний дулааны тоолуурыг Улаанбаатар хотын ДШС-ний тоолуурын лабораторид шалгалт тохируулгыг хийж, манай Улсын шалгагч очиж баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэдэг.
4.    Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгсэл гэж юуг хэлэх вэ?
  Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан
       1/ худалдаа, үйлчилгээний тооцоо;
       2/ хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоо;
       3/ байгаль орчны хамгаалал;
       4/ улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэл, хэмжил    гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамруулна: 
5.    Баталгаагүй жингээр худалдаа хийгээд байна. Энэ тухай хаана, хэнд хандах вэ?          
   Стандартчилал хэмжилзүйн хэлтэс нь Дархан-Уул аймаг болон харъяа сумдуудын зах болон дэлгүүрүүдийн жинг гэрээ графикийн дагуу тодорхой тогтсон  хугацаанд баталгаажуулдаг. Баталгаагүй жин хэрэв байвал манай МХГ-ын хэмжилзүйн байцаагч болон СХЗХ –т албан ёсоор хандахад болно.
6.    Халуун хүйтэн усны тоолуурыг хаана баталгаажуулах вэ?
   Халуун усны тоолуурыг ДДС ТӨХК-ийн хэмжилзүйн лабораторид, хүйтэн усны тоолуурыг Дархан Ус суваг ХК-ийн хэмжилзүйн лабораторид эрх бүхий шалгалт тохируулгын ажилтан шалгаж тохируулсны дараа манай хэмжилзүйн албаны Улсын шалгагч “Шалгах аргын стандарт”-ын дагуу шалгаж баталгаажуулан лац тавьж, гэрчилгээ олгоно.
7.     Тохирлын гэрчилгээ авахад ямар бичиг баримтуудыг хаана бүрдүүлж өгөх үү?

   - Хэрвээ та хүнсний үйлдвэрлэл болон үйлчилгээ эрхэлж байгаа буюу эрхлэх гэж байгаа бол Стандартчилал, хэмжилзүйн хэлтэст албан бичгийг бичиг хэргийн ажилтанд өгнө. Мөн түүнээс гадна
           1.Байгууллагын танилцуулга үүнд:
               -үйл ажиллагааны үндсэн чиглэл, онцлог,
              -хүний нөөцийн талаар,
                -үйл ажиллагаа явуулж буй газрын талбайн хэмжээ, харилцах утас, хаяг, байршил,
               -барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдийн болон агуулахын зураг-фотогоор, файлаар/,
               -үйлдвэрлэлийн хүчин чадал, жилийн үйлдвэрлэлийн хэмжээ, технологи ажиллагаа                /хүнсний үйлдвэрлэлд хамаарна/
            2. Чанарын дотоод хяналтын журам
            3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар/
            4. Технологийн заавар, хаяг, шошгоны загвар
            5. Эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдсан барилга, байгууламжийн зурагны хуулбар, улсын комиссын акт
            6. Төлбөр /Монгол Улсын шадар сайд, сангийн сайдын хамтарсан 2007 оны 11-р сарын 22-ны өдрийн 106/314 дүгээр тушаал, ДУА-ийн Засаг даргын 2013 оны 04-р сарын 15-ны өдрийн 31 дүгээр захирамж/
Жич: Та төлбөрийн хэмжээг эндээс харна уу.
/Тайлбар: Төлбөрийг баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэнэ/
 

8.    Тохирлын гэрчилгээ авахад ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

       Тохирлын гэрчилгээ авахад холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангасан байх шаардлагатай. Тухайлбал:
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех нь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатайгаас гадна холбогдох бүтээгдэхүүний стандартын шаардлагыг хангасан байх шаардлагатай
-дэлгүүр ажиллуулж байгаа бол “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Техникийн шаардлага MNS 5021:2007” стандартыг,
-Баар, ресторан, кафе, цайны газар ажиллуулж байгаа бол “Нийтийн хоолны ангилал, зэрэглэл. Ерөнхий шаардлага MNS 4946:2005” стандартыг
-Зочид буудал бол “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008” стандартыг

        -Дэн буудал бол “Дэн буудал. Ерөнхий шаардлага MNS 5738:2007” стандартыг

        -Үсчний газар бол “Үс засах үйлчилгээ MNS 5160:2002” стандартыг

        -Гоо сайхны газар бол “Гоёлын гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS 5567:2007” стандартыг

        -Нийтийн тээврийн үйлчилгээ бол “Нийтийн тээвэр. Такси үйлчилгээ. Техникийн шаардлага MNS 5122:2013”, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011” стандартыг тус тус хангасан байх шаардлагатай.
Та эдгээр стандартуудыг www.estandard.gov.mn сайтаар орж үзэх боломжтой.

9.    Тохирлын гэрчилгээг хэдэн жилийн хугацаатай олгодог вэ?
        Тохирлын гэрчилгээг 1-3 жилийн хугацаатай олгодог. Энэхүү хугацааг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрийг гаргадаг.

10.    Стандартын мэдээллийг хаанаас авч болох вэ?
        Стандартын мэдээллийг www.estandard.gov.mn сайтаас авахаас гадна манай хэлстийн стандарт, мэдээлэл, салбар сангийн танхимаар үйлчилж авах боломжтой. Мөн www.darkhan-uul.gov.mn/standart  www.masm.gov.mn хаягаар орж манай хэлтсийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.

11.    Байгууллагын стандартыг яаж боловсруулах вэ? Хаана хандах уу?

         Аж ахуйн нэгж, байгууллага нь байгууллагын стандарт боловсруулан хэрэглэж болно. Гэхдээ байгууллагын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагад нийцсэн байна.
Монгол улсын стандарт хүчин төгөлдөр хэрэглэгдэж байгаа тохиолдолд байгууллагын стандартыг боловсруулах шаардлагагүй байдаг.
Байгууллагын стандартыг СХЗХэлтэст бүртгүүлж товчилсон тэмдэглэгээ, нутаг дэвсгэрийн бүртгэлийн дугаарыг авснаар таны байгууллагын стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ.
 

12.    Үндэсний тохирлын тэмдэг гэж юу вэ? Брэнд, шилдэг бүтээгдэхүүний логог ямар шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгодог вэ?

                                                                          

        Тухайн хүнсий бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхдээ чанарыг баталгаажуулсны үндсэн дээр “Монгол улсын үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх /MNS/ гэрчилгээ олгодог. Ингэснээр хэрэглэгчдэд чанарын аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь түүхий эдээсээ эхлээд хэрэглэгчдэд очих хүртэлх бүх шат дамжлагыг газар дээр нь очиж үнэлгээ явуулж, технологийн тогтвортой байдлыг нотлох, бүтээгдэхүүн нь стандарт, норматив техникийн баримт бичгийн шаардлагад тохирч байгааг сорилт шинжилгээн дээр үндэслэн тогтоосны үндсэн дээр уг тэмдгийг олгодог журамтай. Бизнесийн байгууллагынхан өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ ”Үндэсний тохирлын тэмдэг”-ийг хэрэглэх эрх авсан тохиолдолд гэрээ, хэлцэл хийх, үйлдвэрлэлийн байр эсвэл бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошгон дээр тохирлын тэмдгээ тавьж мэдээлэл, сурталчилгаанд хэрэглэх онцгой эрх эдэлнэ.
Үндэсний тохирлын тэмдгийг Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газраас олгодог.

Харин брэнд, шилдэг бүтээгдэхүүнийг Дархан-Уул аймгийн стандартчилал, хэмжилзүйн хэлтсээс олгодог. Үүнд зөвхөн аймгийн хэмжээнд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хамруулдаг. Хэрэглэх зарчим нь үндэсний тохирлын тэмдэгтэй ижил, тухайн бүтээгдэхүүний шошгонд тавьж хэрэглэдэг. Брэнд шилдэг бүтээгдэхүүнийг “Дархан Түншлэл” үзэсгэлэн худалдааны үеэр аймгийн шалгаруулалтын комисс бүх шаардлагыг хангасан, чанартай бүтээгдэхүүнд энэхүү логог хэрэглэх эрх олгож, СХЗХэлтэстэй гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэглэдэг.

                                                                 

13. Би цаг засварын үйлчилгээ ажиллуулдаг. Энэ үйлчилгээг баталгаажуулалтанд хамруулж болох уу?

        Засгийн газрын 2005 оны 127-р тогтоолоор заавал баталгаажуулалтанд хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт гэж батлагдан гарсан байдаг. Энэ жагсаалтанд 12 үйлчилгээний газар заагдсан байдаг.
ТОХИРЛЫН БАТАЛГААНД ЗААВАЛ ХАМРАГДАХ БҮТЭЭГДЭХҮҮН,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

                      Бүтээгдэхүүн Үйлчилгээ
                           1    Үсчин
                           2    Гоо сайхан
                           3    Халуун ус
                           4    Саун
                           5    Хими цэвэрлэгээ
                           6    Автомашины оношилгооны болон засварын газар
                           7    Шатахуун түгээх станц
                           8    Хүүхдийн тоглоомын газар
                           9    Нийтийн тээвэр
                          10    Зочид буудал, жуулчны бааз
                          11    Нийтийн хоолны газар
                          12    Дэлгүүр, бөөний худалдааны төв
цаг засварын үйлчилгээ гэж ороогүй учраас заавал баталгаажуулалтанд орох шаардлагагүй. Гэвч та бусад цаг засварын газруудаас үйлчилгээгээрээ ялгаруулахыг хүсч байвал сайн дурын баталгаажуулалтанд хамруулж болно.

14.    Манайх талхны цех ажиллуулдаг. Талхаа баталгаажуулалтанд яаж хамруулах вэ?

          Манай хэлтэст баталгаажуулалтанд хамрагдах тухай албан бичгээ өгнө. Дээр хэлсэнчлэн бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтуудаа бүрдүүлнэ. Албан бичгийн дагуу манайхаас ажлын хэсэг томилогдон танай цех дээр очиж үнэлгээ хийх бөгөөд талхнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг. Танай цех болон үйлдвэрлэсэн талх стандартын шаардлага хангаж байвал баталгаажуулалтын зөвлөл /зөвлөлийн бүрэлдэхүүнийг эндээс харна уу/-ийн хурлаар хэлэлцэгдэж, тохирлын гэрчилгээ олгох, эс олгох шийдвэр гарна.

15.    Бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авах гэхээр итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичиг гээд байх юм. Ийм лабораториуд Дарханд хаана байдаг вэ?

        Итгэмжлэгдсэн лабораториуд нь хүнс, ахуйн хэрэглээний чиглэлийнх нь СХЗХэлтсийн 1-р давхарт, барилгын материалын чиглэлийнх ШУТИС-ийн харьяа Дархан Технологийн сургуульд, мах, сүү зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн шинжлүүлэх бол ХХААГазар, Дархан тээвэр ХК буюу захын лабораторид шинжлүүлж болно.
 

16.    Би кимчи үйлдвэрлэх гэсэн юм. Үүнийхээ шошгыг хийх гэсэн сайн мэдэхгүй байна. Зөвлөгөө өгөөч.

           Ер нь аливаа хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд худалдаанд гаргахад заавал шошголох шаардлагатай. Манай иргэд өөр бусад байгууллагын шошгыг хараад дуурайлгаж хийдэг, хийхдээ шошгонд заавал байх ёстой мэдээллүүдийг орхигдуулдаг түгээмэл дутагдал байдаг. Шошгололтын талаар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэхь заалтанд, мөн “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS САС 1:2007” стандартад заагдсан байдаг.
”Шошгонд дараах мэдээллүүд заавал агуулагдсан байх шаардлагатай. Үүнд:
                       -Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газрын нэр, хаяг /Дархан-Уул аймаг. Дархан сум 15-р баг. .....-р баг, ..... байр. Компани буюу цехийн нэрээ бичнэ/
                       -Бүтээгдэхүүний оноосон нэр /”Дархан” бууз, банш, “Зүсмэл” боорцог гэх мэт/
                       -Бүтээгдэхүүний жин /500 г, 0,9 кг, 1 л/
                       -Найрлага: /Бууз гэхэд хонь, ямааны мах, буудайн гурил БГ-085, давс, сонгино гэх мэт/
                       -Хадгалах нөхцөл, хугацаа /Бууз-75%-ийн харьцангуй чийглэгтэй, -150С-аас ихгүй температуртай орчинд 1 сар хүртэл/
Хадгалах нөхцөл, хугацааг тухайн бүтээгдэхүүний стандартаас харна.
                        -Үйлдвэрлэсэн он, сар, өдөр /2015.03.01/
                        -Тэжээллэг чанар /..... ккал/
                        -Хэрэглэх арга
                        -Гаж нөлөө

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

125103
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
105
118
1206
120233
3575
4495
125103

Таны IP: 23.20.236.61
Серверийн цаг: 2018-06-24 16:28:17

Цаг агаар

 

Видео

   

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top